Б.Баярсүх: Ашигт малтмал олборлогчдыг байгаль хамгаалах хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-08 21:48:36

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхээр ахлуулсан “Сумдын бичил уурхай эрхлэгчид болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд нэг цонхны үйлчилгээ үзүүлэх” ажлын хэсэг Булган, Үенч, Алтай, Мөст, Цэцэг, Дөргөн суманд ажиллалаа. 
Тус ажлын хэсгийн зорилго нь бичил уурхай бүхий Алтай, Булган, Үенч, Мөст, Цэцэг, Дөргөн сумдын удирдлага, хувиараа ашигт малтмал олборлож буй иргэд болон бичил уурхай эрхлэгч иргэдэд Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг сурталчлах, мэргэжлийн хяналт, газрын харилцаа, татвар, хөдөлмөр халамж, нийгмийн даатгалын салбарт төрөөс баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хүргэх, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд газар дээр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэв.

Ажлын хэсгийнхэн сумдын бичил уурхай эрхлэгчид болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэдтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад Булган, Үенч, Алтай, Мөст, Цэцэг, Дөргөн сумын удирдах ажилтнууд, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, бичил уурхай эрхлэгчид болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн төлөөлөл нийт 80 хүн оролцлоо. Уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар тогтоол, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийг зохион байгуулалтад оруулах, албажуулах, газрын асуудлыг шийдвэрлэхэд аймгийн зүгээс баримталж буй бодлого, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Ховд аймагт 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ. Мөн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудаас салбарын баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулж, гарын авлага, тараан өгч, харилцан санал солилцов.

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх хэлэхдээ: Аймаг орон нутгийн зүгээс иргэдийн уул уурхайн үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх замаар хариуцлагатай олборлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалалтыг сайжруулан хуримтлагдах нөлөөллийг бууруулах, хууль бус аргаар ашигт малтмал олборлосны нөлөөгөөр эвдрэлд орж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийг албажуулах, зохион байгуулалтад оруулах замаар байгаль орчныг хамгаалах хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа гэлээ. Мөн Алтай сумын Тэсэгтэй 1,2,3, Майхан, Ховд сумын Согоот зэрэг газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаар иргэдэд мэдээлэв.

 

Холбоотой мэдээ