Шинээр засвар хийсэн дотуур байрны дээвэр салхинд хийсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-30 16:46:19


   Увс /МОНЦАМЭ/. Тариалан суманд 1975 онд баригдсан 75 хүүхдийн эрэгтэй дотуур байранд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн шугамаар энэ жил их засвар хийгдсэн байна.

Их засварын ажил ерөнхийдөө дуусч, ирэх сарын эхээр ашиглалтад хүлээлгэж өгөхөөр товлоод байсан ч энэ сарын 24-25-нд шилжих шөнө болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас тус дотуур байрны дээвэр юу ч үгүй хийссэн байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ийнхүү дээвэр нь хийссэн тул дахин дээвэр тавихаас өөр аргагүй болжээ. Тухайн үед дотуур байр их засвартай байсан тул нэг ч хүүхэд байгаагүй байна. Энэхүү засварын ажлыг Улаанбаатар хотын “МВС” компани гүйцэтгэсэн байна.  

 

Холбоотой мэдээ