2020 он гэхэд Хятадын хүн ам 1.4 тэрбум давна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-06 11:12:16

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хүн ам 2020 он гэхэд 1.42 тэрбум болно гэж тус улсын 13 дугаар таван жилийн /2016-2020/ нийгэм-эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд дурджээ.

“2020 оны эцэс гэхэд улс орны хүн амын тоо 1.42 тэрбум болно” гэж уг төлөвлөгөөнд дурдсан байна.

Хятадын Статистикийн газрын мэдээллээр, 2015 онд тус улсын хүн амын тоо 1.37 тэрбум байжээ.

Дээрх төлөвлөгөөнд заасны дагуу Хятадын эрх баригчид хоёр хүүхдийн бодлогыг амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх бодолтой байна. Эрх баригчид мөн хүйсийн тэнцвэргүй байдалтай тэмцэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор гэр бүл төлөвлөлтийн салбарыг чиглэсэн бодлогыг болон эх, хүүхэдтэй холбоотой эрүүл мэндийн салбарыг сайжруулна. Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн бүртгэлийн системийг сайжруулах аж.

Хятадын Коммунист нам 2015 онд бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн билээ. 1970-аад оны сүүлээр тус улсын эрх баригчид хүн амын өсөлтийг хянахын тулд хотод оршин суудаг гэр бүлүүдэд зөвхөн нэг хүүхэдтэй, тосгодын гэр бүлүүдэд хэрэв анхны хүүхэд нь охин бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч энэ бодлогын улмаас хүн ам хөгширч, хүйсийн тэнцвэргүй байдал зэрэг асуудал үүссэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ