Мөрөөдөгч ба үзэгч

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
altankhuyag@montsame.mn
2018-11-29 13:40:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Алтан хальс" холбоо нь сонгодог болон артхаус киног таниулах зорилготой төрийн бус байгууллага юм. "Алтан хальс холбоо" 2009 оноос бямба гараг бүр “Dreamers' Day” кино өдөрлөгийг зохион байгуулж, 2011 оноос artfilm.mn анхны монгол хэл дээрх арт киноны нэвтэрхий толь вебсаитыг удирдан ажиллуулж, 2013 оноос хойш “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-ыг зохион байгуулж байна.Ингээд “Dreamers' Day” кино өдөрлөгийн үзэгчдийг урьж ярилцлаа.




АСУУЛТ

1.    “Dreamers' Day” кино өдөрлөгт байнга очдог уу, киноноос гадна юу нь чамайг тэгтлээ их татдаг вэ?

2.    Тус өдөрлөгөөс хамгийн их сэтгэлд хүрсэн, дахин гаргаасай гэж боддог киног нэрлээч?

3.    “Алтан хальс” кино наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу, юугаараа онцлогтой болдог вэ?

4.    Артхаус төрлийн кино монголд өнөөдөр хэрхэн хөгжиж байна вэ?

5.    “Dreamers' Day” кино өдөрлөг 7 хоногт ганц удаа болдог нь чамлалттай санагддаг уу?


ХАРИУЛТ 


Б.ДЭЛГЭРМАА |Монсудар хэвлэлийн газар, “Жангар” редакцийн редактор|


1. Хэсэг хугацаанд Улаабаантарт байгаагүй учир завсарласан. Харин энэ 8 сараас эхлээд огт алгасахгүй үзэж байгаа. Уур амьсгал, цугладаг хүмүүс, кино хэлэлцүүлэг, стикер бүгд таалагддаг. Миний үргэлж очиж байх ёстой газар.


2. Амраг минь баяртай”-г гаргаад өгөөч! Ер нь бас нэг сайхан хайрын тухай кино үзмээр байна, одоогоор A Ghost story ч юм уу. Гуйя.


3. Кино наамдыг нь үнэндээ үзэж амжаагүй л явна. Энэ жил хамгийн сүүлийн үзвэрийг үзсэн. Их өвөрмөц сайхан санагдсан.


4. Ийм кино наадам, өдөрлөг, энэ олон үзэгч, сонирхогч байна. Хөгжсөөр л байна шүү.


5. 7 хоногт 1 удаа яг зөв цагтаа гаргадаг, тараад хүмүүстэй уулзана, энэ өдрөө хүлээдэг болжээ. Хангалттай сайхан санагддаг шүү. Илүү биш дутуу биш. Dreamers-гүй бол би яана даа. Баярлалаа та нарт, хэхэ.

 

Б.УУГАНБАЯР |найруулагч|


1.Анх 2013 оноос хойш очиж үзэж эхлэсэн. Тухайн үед кино үзвэр үнэ төлбөргүйгээр “Энхтайван найрамдлын ордон”-д гаргадаг байлаа. Түүнээс хойш өдийг хүртэл ер нь аль болох алгасалгүй үзэхийг хичээсээр ирсэн. “Dreamers' Day” кино өдөрлөг нь артхаус, инди чиглэлийн цорын ганц кино театр гэсэн утгаараа үнэхээр их таалагддагаас гадна, энд кино үзэхээр ирсэн хүмүүс ихэвчлэн энэ чиглэлийн сонирхолтойгоос гадна, мэргэжлийн түвшиний хүмүүс ч их байдаг. Тиймээс киноны дараах хэлэлцүүлэг их үр дүнтэй авууштай санагддаг.


2. Олон кинонууд байна л даа. Гэхдээ хэдэн киног өөрийн сонголтоороо оноон дурдваас “2001: A Space Odyssey”, “A Short Film About Love” зэрэг киног гараасай хэмээн хүсч байна. Мөн сүүлийн үеийн Монголын уран бүтээлчдийн гадаадын кино наадмуудад амжилттай оролцож буй кинонуудыг тогтмол гаргаасай билээ.


3. Монголын цорын ганц индепендент кино наадам гэдэг утгаараа тун онцлог, чухал ач холбогдол бүхий наадам бол гарцаагүй “Алтан хальс” кино наадам мөн. Сургалт болон уран бүтээлчдийн ур чадвар, туршлагаа солилцох бололцоогоор дүүрэн монголд зохиогдож буй цорын ганц дэлхийн кино наадмын жишигт дүүцэхүйц наадам гэж боддог.


4. Хэдэн жилийн өмнөхийг бодвол одоо харьцангүй энэ төрлийн кино бүтээлийг үзэгч олон, тэр тусмаа залуу үе их мэддэг болж, сонирхох болсон нь ажиглагдаж байна. Ийм төрлийн уран бүтээлчид ч төрөн гарч, ирээдүйд нэмэгдэн чанартай уран бүтээлүүд хийгдэх цаг удахгүй гэж боддог. Энэ нь “Алтан хальс” кино наадам болон “Dreamers' Day” өдөрлөгийн үйл ажиллагаатай их холбоотой.


5.  Миний хувьд яг тохирсон гэж боддог. Сүүлд “Dreamers' Night” гэж оройн цагаар үзвэр гаргаад байсан. Түүнийгээ үргэлжлүүлж гаргаж байвал их зүгээр санагдаж байна.


О.АНХЗАЯА |”UB life сайт” сэтгүүлч, “Алтан хальс” холбооны гишүүн|


1. Байнга очдог. Кинонуудаас гадна ирж буй хүмүүс болоод тэдний үзэл бодлоо илэрхийлэн, бусадтай хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь их таалагддаг. Киноноос мэдэрсэн зүйлээ бусадтай хуваалцана гэдэг зүгээр л үзээд гарснаас хавь илүү шүү.


2. Мэдээж миний хамгийн дуртай кино бол "Wings of Desire". Шөнийн гэрэлт гудамжинд мөн нэг удаа гаргаж байсан ч яг гоё төвлөрч үзэж чадаагүй юм л даа. Одоо зүгээр л кино театртаа дахин гаргаасай гэж хүсдэг.


3. Индепендент кино наадам учир асар олон сонирхолтой, өвөрмөц кинонууд ирдэг. Тэр тусмаа хүмүүсийн дотоод ертөнцийг харуулсан олон арт кино байдаг нь сайхан. Бас алдартай найруулагчдыг хүртэл авчирдаг нь уулзаж ярилцах сайхан боломж.


4. Хөгжиж эхэлж байгаа гэж үзэж байна. Ийм төрлийн кино үзвэрт очих, тийм хүмүүстэй уулзах зэрэг нь залуусыг өөрийгөө илүү нээж, хөгжүүлэхэд маш том нэмэр болдог. Хүмүүс олон сайхан кино хийх байх.


5. "Dreamers' Night" гэж нэг хэсэг болсон. тэр үед яг долоо хоногт хоёр удаа үздэг байсан юм. Их сонирхолтой байсан. Гэхдээ нэг удаа болдог  нь харин ч сайхан. Яг тэр өдрөө догдлон хүлээж, очих гэж яардаг болохоор.


С.БИЛГҮҮН |Cara media компани, менежер|


1. Кино театрт төдийлөн элбэг гараад байх боломжгүй сайн киног дуу дүрсний өндөр чанартайгаар чанартай үзэгчдийн дунд төвлөрч үзэх “COOL биз дээ.


2.  The Tribe


3. Энэ төрлийн кино фестивал монголд зохиогдоод тэр дундаа олон улсын хэмжээнд болж эхлээд байгаад хувь хүний зүгээс туйлийн их баяртай байгаа. Хонгилийн үзүүрт гэрэл байна л гэсэн үг.


4.  Хөгжиж яваа л байх.


5.  Болдог бол өөрсдөө кино театртай болоод зогсоо зайгүй гаргаж баймаар юм даа.


Б.ЗОЛЗАЯА |МУИС, УЗА 4-р курс|


1. Dreamers day өдөрлөгт тогтмол очиж чаддагүй. Киноны стикерийг нь цуглуулах их дуртай. Хуучин Энхтайван найрамдлын ордонд гардаг байхад байршилд нь их дуртай байсан.


2. Naked” (1993) киног дахин үзмээр санагддаг. Тухайн үедээ их жигтэй санагдсан болохоор одоо яагаад гэдгийг нь мэдэхийн хүссэн юм болов уу даа.


3. Наадмыг нь үзэж байгаагүй юм аа.


4. Энэ асуулт надад томдож байна.


5. Долоо хоногт нэг удаа үзвэр гардаг нь яг л тохирсон шиг санагддаг.



  

Холбоотой мэдээ