Гар утсаа ашиглан махыг эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг мэдэх боломжтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-31 18:05:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгөх тогтолцооны загвар арга хэмжээний нээлт Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/-ийн байранд болов. Манай улс уг тогтолцоонд нэгдсэнээр иргэд баталгаатай, стандартын шаардлага хангасан махан бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэх юм.


Өөрөөр хэлбэл ХААБ-ээр дамжуулан Малчин, малчдын хоршоо, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, түүнийг худалдан борлуулах ААН-үүд хамтран баталгаажсан, эмийн үлдэгдэлгүй махыг эцсийн хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм.


Арга хэмжээний нээлтийн үеэр ХААБ-ээр дамжуулан нэг талаас эрүүл, чанарын шаардлага хангасан мах үйлдвэрлэгч нөгөө талаас малын гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг ААН-ийн төлөөллүүд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Өнөөдрийн байдлаар мах үйлдвэрлэгч “Баяндэлгэр хүнс” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК болон “Emart”, “Номин” сүлжээ дэлгүүр зэрэг 20 гаруй байгууллага анхны гэрээг хийв.





“Emart” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, “Баяндэлгэр хүнс компанитай хамтарч, гарал үүсэл нь тодорхой, мах нядалгаа нь стандартын шаардлага хангасан махыг өөрийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зөөж, худалдан борлуулахаар гэрээ байгууллаа. Бид өнөөдөрийг хүртэл олон улсын стандарт шаардлагыг ханган ажиллаж байсан. Харин өнөөдрөөс ХААБ-тэй хамтарснаар манай үйл ажиллагаа илүү өргөжих боломж бүрдлээ. Тухайлбал, махыг нийлүүлэхдээ хаанаас, аль малчны хотноос авсан, ямар үйлдвэрт бэлтгэсэн, яаж тээвэрлэгдсэн зэрэг гарал үүслийг тодорхой болгож өгнө. Худалдан авах гэж байгаа махныхаа “QR” бар кодыг зориулалтын гар утасны аппликейшнээр уншуулахад тухайн махыг хаана бэлтгэж, нийлүүлсэн, ямар малчнаас авсан, хэзээ вакцин тарьсан зэрэг бүх мэдээллийг харах боломжтой болох юм.


Дархан мийт фүүдс ХХК-ийн ерөнхий захирал М.Энхбаатар, “Энэ тогтолцоог нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болж, хүнсний аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлыг шийдэх юм. Гар аргаар бэлтгэсэн эрсдэлтэй бүтээгдэхүүн аажмаар зах зээлээс шахагдаж хүнсний аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой ажил болно” гэв.


ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Малчид маань малчдын хоршоогоор дамжуулан стандарт шаардлага хангасан махны үйлдвэрүүдэд нийлүүлэлт хийнэ. Тэдгээр үйлдвэрүүд томоохон Супермаркетууд, болон мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэг төрийн байгууллага буюу сургууль цэцэрлэгүүдэд нийлүүлэх бололцоотой юм. Өөрөөр хэлбэл, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй махаар ханган, арьс ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн шинэлэг тогтолцоог бүрдүүлэх юм гэв.


ХААБ-ийн захирал Х.Баатар “Манай биржээс Мал эмнэлгээр баталгаажсан малын гаралтай бүтээгдэхүүн бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулна. Гол нь иргэд олон нийтэд чанар, аюулгүй байдлаа баталгаажуулсан мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан, үйл ажиллагаандаа ахиц гаргасан үйлдэл болно гэж үзэж байна” гэв.



Тус тогтолцоо хэрэгжсэнээр малын гаралтай бүтээгдэхүүн бүр гарал үүслийн гэрчилгээтэй болж “QR” бар код бүхий шошгыг наах бөгөөд хэрэглэгчид малын бүртгэлийн тусгай гар утасны аппликейшны тусламжтайгаар тухайн махыг баталгаажсан эсэхийг мэдэх боломжтой болох юм.


Загвар арга хэмжээ 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдаа, үйлчилгээний төв, дэлгүүр, супермаркет, түүгээр үйлчилдэг цэцэрлэг, сургууль, ажилчдын хоолны газар зэрэг ААН, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой. 


Хүн амын дотоодын хэрэгцээнд манай улс жилд дунджаар 12 сая орчим толгой мал буюу нядалгааны жингээр тооцвол 400 мянга орчим тонн мах бэлтгэдэг байна. Үүний 90 хувийг гap аргаар бэлтгэж байгаа нь чанарын баталгаагүй, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар тогтоожээ.


"Малын гаралтай түүхий эд. бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"- г ХХААХҮЯ-наас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХААБ ХХК. МХЕГ, НЗДТГ, Нийслэлийн ХХАГ, аймгуудын ЗДТГ, ХХААГ, Монголын махны холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ногоон алт, малын эрүүл мэнд төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм.


Холбоотой мэдээ