Төрийн банкны удирдах албан тушаалтнуудыг таслан сэргийлэх, цагдан хорих шийдвэр гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-29 13:45:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн прокурорын газраас ирсэн саналын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Төрийн банкны удирдах ажилтнуудад хамаарах хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Тус банкны "Хараа" тооцооны төвийн захирал ажилтай Б.Энхбаатарт Монгол Улсын хилээр гарахгүй байх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, мөн Төрийн банкны тэргүүн дэд захирал ажилтай Д.Ганбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн нарыг тус тус яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорихоор болов.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны нийт 6 нэр бүхий хүнийг энэ сарын 23-ны орой баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 461 дүгээр ангид хорьсон ч саатуулах 48 цагийн хуулийн хугацаа дуусч суллагдаад байсан юм. Тэднийг тэрбумаар яригдах зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байсан юм.

Холбоотой мэдээ