Дөрвөн хүн тутмын нэг нь ажлын байрны дам тамхидалтад өртдөг

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-10-25 13:07:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.2015 оны байдлаар Монголд тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр 2200 гаруй хүн нас барсан гэсэн судалгаа бий. Ирээдүйд ажлын байрыг тамхины утаанаас ангид байлгах зорилготой “Тамхины эсрэг хувьсгал” сэдэвт нөлөөллийн уулзалт болов.

НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг  хэлэхдээ, “Манай улсад 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэсэн дүн гарсан. Тамхидалт нь сэтгэцийн өвчин бөгөөд олон халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болдог. Жил бүр дэлхийд 0.4 сая хүн  ажлын байрандаа дам тамхидалтад өртсөний улмаас нас бардаг. Өөрөөр хэлбэл 2 тамхичин тутмын нэгнийх нь амь насыг хохироох аюултай цорын ганц бүтээгдэхүүн бол тамхи . Эрүүл мэндэд ийм хор нөлөөтэй гэдгийг хүмүүс мэддэг ч татсаар байгаа нь харамсалтай.

Бүр тамхины утааны үнэр шингэсэн газар хүүхэд хүрэхэд амьсгалын зам нь цочирддог. Тиймээс тамхигүй ажлын байрны бодлогыг бий болгож, дам тамхидалтааас сэргийлэх нь чухал” хэмээв.

Тус зөвлөгөөнд Дархан,Эрдэнэт, Сүхбаатар, Мөрөн, Чингис, Чойр, Чойбалсан, Сайншанд, Баянхонгор, Арвайхээр хотын захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ, НЭМҮТ зэрэг байгууллага оролцлоо.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж, “Тамхины хор уршиг бол дэлхий нийтийн сэтгэлийг зовоосон асуудал.  Тиймээс Чингэлтэй дүүргийн иргэдийн өмнөөс тамхины эсрэг аянд нэгдэж байна. 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтэд тамхины эсрэг аянд нэгдсэн хөдөлгөөнөө улам сайжруулахад бодлогын чанартай алхам хийх болно” гэв.

Монгол Улсад 2013 онд хийсэн судалгаагаар 20 эмэгтэй тутмын 1, хоёр эрэгтэй тутмын 1 нь тамхи татдаг гэсэн үр гарчээ. Энэ нь нийт хүн амын 4 хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн үг юм.

2012 онд Тамхины хэрэглээний хяналтын хуулиар үйлдвэр, олон нийтийн газруудын дотоод орчинд тамхи татахыг хориглосон. Гэвч 2015 онд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр томоохон барилгын талбайн гадна тамхи татах цэг байхыг зөвшөөрчээ.  Одоогоор  10 хүн тутмын  4 нь гэртээ, дөрвөн хүн тутмын 1 нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг байна.


 Г.Өлзийхутаг

Холбоотой мэдээ