Өмнөд Солонгосын компаниудын дийлэнх нь Умард Солонгост хөрөнгө оруулахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-23 13:42:36

СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгост арван компанийн зургаа нь Умард Солонгосын эдийн засагт хөрөнгө оруулахад бэлэн байгааг Өмнөд Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгчдийн корпорацийн нийтэлсэн судалгааны дүн харуулжээ.


Судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь Умард Солонгосын эдийн засагт  хөрөнгө оруулахад бэлэн байна гэж тус мэдэгдэлд дурджээ. Тэдний 37,8 хувь нь тохирсон нөхцөл бүрдэх үед хөрөнгө оруулалт хийхийг хүссэн бол 22,8 хувь нь яг одоо ч хөрөнгө оруулахад бэлэн байна гэж мэдэгдсэн аж. Харин судалгаанд оролцогчдын 60,6 хувь нь Умард Солонгостой хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.  


Умард Солонгосын ажиллах хүчний зардал бага бөгөөд дотоодын зах зээлийг эзлэх эрмэлзэлтэй байгаа нь судалгаанд оролцогчдын тус улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагийн гол шалтгаан болжээ.


Санал асуулгыг өнгөрсөн сарын 24-нээс энэ сарын 10-н хүртэл хилийн чанадад хөрөнгө оруулж байсан туршлагатай 267 хамтарсан компанийн дунд явуулжээ. 

Холбоотой мэдээ