Хоёр улсын хил орчмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-10 17:39:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ болон ОХУ-ын Дотоод хэргийн яам /ДХЯ/ хоорондын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар ОХУ-ын талаас хил орчмын цахим мэдээллийн санг байгуулах санал тавив.

Энэхүү хуралдаанд хоёр улсын хил залгаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, хил хамгаалах байгууллага, гадаадын иргэн харьяатын газрын төлөөллүүд оролцов.



Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, "Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсонтой холбоотой иргэдийн хрилцан зорчих тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Иргэд ая тухтай зорчих, гэмт хэрэгт өртөхгүй аялахад хоёр улсын хууль сахиулах байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлээд тодорхой ахиц дэвшил гарч байна. Зохион байгуулалттай буюу хар тамхитай холбоотой асуудлыг аль нэг орны цагдаагийн байгууллага дангаараа илрүүлэх боломжгүй. Энэ төрлийн гэмт хэргийг хил нэвтрүүлэхгүй байх чиглэлд үр дүн гаргахаар хоёр орны ажлын хэсэг хэлэлцэж байна" гэв.



ОХУ-ын ДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд орлогч сайд И.Н.Зубов, "Хил дамнасан онц ноцтой, терроризм, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд хоёр талаас илүү нягт нямбай хамтран ажиллах хэрэгтэй байна. Бид мөрдөн байцаах ажиллагааны хамтарсан сургуулилт хийнэ, манай талаас мэдээллийн дата төв байгуулах санал тавьж байгаа. Энэ санд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг бүлгийн мэдээлэл багтах юм" гэв.

Хоёр улсын төлөөлөгчид хил орчмын бүсэд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн талаар болон цаашид хоёр орны цагдаа, хуулийн байгууллагын зүгээс анхаарах асуудлын талаар хэлэлцэв. Тухайлбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Очгэрэл, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Дотоод хэргийн яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Н.Данзы нар хоёр улсын хилийн бүс нутаг дахь асуудал, гэмт хэргийн нөхцөл байдлын асуудлаар илтгэл хэлэлцүүлэв.

Монгол Улсын 8 аймаг ОХУ-тай хиллэдэг бол тус улсын 4 муж манай нутаг дэвсгэртэй хил залгаа оршдог юм.



Холбоотой мэдээ