Цахим тоглоомонд донтох эмгэг хамгийн өндөр буюу 25.6 хувийг эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-10 14:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлыг үр дүнд хүргэхэд бүх шатанд салбар дундын оролцоо, хамтын ажиллагаа шаардлагатайг “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир онцлов.

Тэрбээр тус хуралд “Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавив. Монгол Улсын нийт хүн амын 36.2 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хууль, эрхзүйн орчин бүрдүүлэн, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Иймээс хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, ханган ажиллахад онцгойлон ажиллах шаардлагатай"-г онцлов.

Манай улсын хүүхдийн ууган байгууллага Монголын Хүүхдийн ордон нь 2018 онд түүхт 60 жилийн ойгоо угтаж байна. Ойн хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагаа, хүртээмж чанарыг дээшлүүлэх, хүүхэд багачуудын хөгжлийн чиглэлд 60 бүтээлч ажил өрнүүлж байна. Энэ удаа НЗДТГ-тай  хамтран зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд Франц, ОХУ, БНСУ, Тайланд, Бүгд найрамдах Колумб улсын эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл тавив.

Тус хурал нь хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох, түүний хөгжлийг дэмжих, шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан олон талын арга зүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмж гаргахад оршино.   

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хэлэхдээ, “Сүүлийн үед хүүхдүүд эцэг эхийн хараа хяналт сул байгаагийн улмаас хэрэг төвөгт холбогдох, PC тоглоомд донтож байна. Шөнийн цагаар ажиллаж буй PC тоглоомын газруудад шалгалт хийж арга хэмжээ авсан. Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ХНХЯ-наас хөрөнгө гарган, Хүүхэд залуучуудын газраар дамжуулан дүүрэг, хорооны цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмчийн хамтарсан баг ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг хүүхэд эрсдэл, хүчирхийлэлд өртөж болох мэдээллийг хурдан шуурхай авч хамгаалах чиглэлээр ажиллаж байна” гэв.

Манай улсад хүүхэд өсвөр насныхны дунд сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэг өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа цахим тоглоомд донтох,сэтгэцийн шалтгаант эмгэг, солиорлын хүрээний эмгэгүүд илүү тохиолдож байна. Иймд хүүхэд өсвөр үеийн эмч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, тасралтгүй сургалтаар хангахад анхаарлаа хандуулах, бодлогоор дэмжих, Сэтгэцийн эрүүл мэндийн хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шаардлагатай судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийхэд шаардагдах санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, Хүүхэд эрүүл мэнд, сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэв.

АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор З.ХишигсүрэнМанай улсын СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникээр үйлчлуулэгсдийн сүүлийн 5 жилийн тоо баримтаас үзвэл хэвтэн эмчлүүлэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өвчлөлийн байдлаар авч үзвэл хүүхэд болон өсвөр насанд эхлэн илэрдэг төрх үйлийн өөрчлөлтүүд 2013 онтой харьцуулахад 4.4 хувиар өсч үүний дотор цахим тоглоомд донтох эмгэг хамгийн өндөр буюу 25.6 хувийг эзэлж байна. Сэтгэцийн зарим эмгэг нь удамших хандлагатай байдаг учир эмгэгтэй хүмүүсийн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг судлах, сэтгэцийн эрүүл мэндийг нь хамгаалах, тэдний асран хамгаалагчийг тогтоох зэрэг тулгамдсан асуудал болж байна” гэв.

Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагуудад хүргүүлж хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгох аж.

 

Холбоотой мэдээ