“Монгол тэмээ-999” арга хэмжээний бэлтгэл ажил 90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 16:50:33

Дэлхийн дээд амжилтыг тогтоох 1000 тэмээний баяр болох “Монгол тэмээ-999” арга хэмжээний бэлтгэл ажил 90 хувьтай байна гэж зохион байгуулагчид мэдээлж байна.

3 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулахаар бэлтгэж байгаа тэмээний уралдаан болон түүнийг дагасан олон талт ажлууд болох юм. Дээрх арга хэмжээнд тэмээтэй парад жагсаал, Тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн хуладлаа, тэмээчдийн зөвлөгөөн, тэмээтэй холбоотой үзэсгэлэн, тэмээний зан үйлтэй холбоотой олон төрөлт “БУУХИА” тэмцээн, “Сайхан тэмээтэй сайхан хос”, Шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн, аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт, аймгийн Засаг даргын хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээнүүд тэмээний уралдааны үеэр болох ажээ. 3 дугаар сарын 7-ны өдрийн 15 цагт дэлхийн дээд амжилтыг тогтоох 1000 тэмээний уралдааны арга хэмжээг өндөрлөхөөр төлөвлөж байгаа юм байна.  

Тэмээний уралдаан нь хоорондоо 100м зайтай 5 гараанаас 1000 тэмээ зэрэг гарч 5-6 км яваад хоорондоо 100-150м зайтай байх хоёр тугийн хоорондуур орсноор уралдааныг нэг замаар үргэлжлүүлах ажээ. Нийт туулах замын урт нь 15 км байх бөгөөд  тэмээ унах хүний насны доод хязгаар 16 байх бөгөөд хэрэв 16,17 насны иргэд тэмээ унасан тохиолдолд эцэг эхийн зөвшөөрөл болон харгалзах хүний батлан даалттай байхыг зохион байгуулагчид сануулж байна.

Өмнөговьчуудын болон говь нутгийнхны бахархал болсон хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх хайрлан хамгаалах чиглэлээр Өмнөговь аймаг нь олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Оны босгон дээр ханын хэцийн хүрэн,  галбын говийн улаан омгийн тэмээдээ үүлдэр болгон баталгаажуулсан онцлох үйл явдал тохиосон төдийгүй 118 мянган тоо толгой тэмээ тоолуулсан амжилттай байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ