Залуучуудын шинэ санааг 40 сая төгрөгөөр санхүүжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-02 22:01:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж шинэ санаа, шилдэг шийдлийг санхүүжүүлэх зорилгоор аймгийн ХХҮГ-аас зарласан “Гарааны бизнесийг дэмжих” төслийн шалгаруулалт боллоо. 

Наймдугаар сараас эхэлсэн уг төслийн эхний шалгаруулалтад 50 оролцогч оролцсоноос найман санааг дэмжиж  зөгийн бал, бичиг хэрэг, оёдол, апликейшны дөрвөн төсөл шалгарлаа.

Тодруулбал, зөгийн бал үйлдвэрлэлийн “BBS” багийн “Эрдэнэ” төсөл, бичиг хэргийн “Эрд суу” тэмдэглэлийн дэвтэр, “Жигүүр” оёдлын цехийн хувцас үйлдвэрлэл, “Мазаалай” багийн “Шинэ бараа” апликейшны төсөл шалгарч тус бүр 10 сая төгрөгийг гурван жилийн хугацаатай, хүүгүй, барьцаагүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгээр авахаар болов.

Нэг баг тав хүртэлх гишүүнтэй бөгөөд төслөө амжилттай хэрэгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө сайжруулсан байх шаардлагатай ажээ. Дээрх 40 сая төгрөгийг ХХҮГ-ын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийн “Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ”-нээс санхүүжүүлж буй.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ