Ногоон хөгжил энгийн дадал хэвшлээс эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 12:08:04

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн яам, Монголын хотуудын холбоо хамтран  Ховд аймгийн “Ногоон хөгжлийн хэтийн зорилт, үйл ажиллагаа “ сургалт Ховд аймагт энэ оны 2 сарын 24-25 -ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аймгийн ногоон хөгжлийн хэтийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөлт /НХХЗҮАТ/ боловсруулахад хамтран ажиллаж буй талууд, ажлын хэсэг, аймгийн Байгаль орчны газар, Ойн анги, Ховд гол хар нуурын сав газар, Жаргалант, Зэрэг, Дарви, Алтай, Булган, Мөнххайрхан,Чандмань сумын засаг  дарга нар оролцлоо.

Аймгийн НХХЗҮАТ-ийн баримт бичгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар тус аймагт боловсруулсан Стратеги төлөвлөгөө болон дэд хөтөлбөрийг цаашид бие даан боловсруулах чадавхийг дээшлүүлэх, үндсэн зарчмын талаар нэгдсэн ойлголттой болоход тус сургалт чиглэгджээ.

Ногоон хөгжлийн бодлогод хамаарахгүй хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгуулага гэж байхгүй, ногоон хөгжил хүүхэд, томчууд хэн ч бай шүд угаахдаа усаа хэмнэдэг, гар утасны цэнэлэглэгчээ тогноос салгадаг, компьютер бусад цахилгаан хэрэгслэлээ цахилгаанд залгаатай орхихгүй байх энгийн дадал хэвшлээс эхэлнэ гэдгийг энэ удаагийн сургалтад оролцсон эрдэмтэн, мэргэжилтнүүд тайлбарлалаа. Бидний бүх цахилгаан хэрэгсэл их хэмжээний эрчим хүч урсгаж, тэр хэмжээгээр байгаль экологид сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Байгаль орчны яам төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран аймгийн  ногоон хөгжлийн бодлого, стратеги боловсруулах сургалт Архангай, Булган, Ховд зэрэг цөөн хэдэн аймагт болох бөгөөд анхныхыг Ховд аймгаас эхэлж байгаа ажээ. Учир нь Ховд аймаг Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлж, ногоон хөгжлийн загвар орчин бий болгох суурь тавьж чадсан аймгийн нэг гэж  яам, төсөл хөтөлбөр судалгааны байгууллага дүгнэсэн байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ