АНУ: БНАСАУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-20 11:06:29
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. БНАСАУ-ыг 2021 он гэхэд цөмийн зэвсгээс ангижруулах зорилготой хэлэлцээг шинээр эхлүүлэхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ.


Энэ оны эхээр хоёр улсын төрийн тэргүүн нар Сингапурт дээд хэмжээний уулзалт хийж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсон боловч уг асуудлаархи яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа билээ. Гэвч БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын энэ удаагийн уулзалт АНУ-д найдлага төрүүлж байна.


Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын дараа Ким Жөн Ун пуужингийн туршилт хийдэг болон хөөргөх талбайнуудаа хаахаар тохиролцсон байна. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн алхам хийхээр тэд тохиролцжээ.


Ким Жөн Уны өгсөн эдгээр чухал амлалтуудад үндэслэн АНУ яаралтай хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байна гэж Майк Помпео мэдэгдлээ.


Мөн тэрбээр, ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо уулзалт хийх урилгыг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Юн Ху-д илгээсэн бөгөөд цаашлаад БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид хоорондын хоёр дахь удаагийн уулзалтыг Австрийн Вена хотод зохион байгуулах тухай асуудлыг урилгад дурдсан гэж мэдэгдэв.


БНАСАУ-ыг түргэн хугацаанд буюу 2021 оны нэгдүгээр сар гэхэд цөмийн зэвсгээс ангижруулах ажлаар дамжуулан хоёр улсын харилцааг өөрчлөх хэлэлцээний эхлэл нь энэ уулзалт болох юм гэж тэрбээр нэмж хэлэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ