Намуудын мөрийн хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх саналыг тусгана

Монголын мэдээ | Эдийн Засаг
gantuya@montsame.mn
2016-02-23 15:05:49

Монголын Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байгаа Төмөрлөг, машин үйлдвэрлэл инженерингийн холбооноос 2016 оны УИХ, НИТХ–ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт “Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд санал тусгах талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Тус холбооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Дорлиг “Тусгаар улсыг хөгжүүлэх, хамгаалахад хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл бол үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх  явдал юм. Тэр дундаа үндэсний аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх юм. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин орсоноос хойш үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төр засгийн тууштай нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалтгүй явж ирсэн.  Тиймээс бид Аж үйлдвэрийн яамтай хамтраад үндэсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, төрийн бодлогын хэмжээнд аваачих гол зорилготой байна” гэв.

Тус холбооноос улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, тусгаар тогтнолын дархлааг бэхжүүлэх агуулга бүхий саналыг УИХ , НИТХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүлж байгаа аж.

Эдгээр саналд 2016 оны сонгуулийн дараа “Мэргэжлийн” Засгийн газар байгуулан, төр захиргааны байгууллагыг шинээр эмхлэн байгуулах ажлын хүрээнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, чадвар, туршлагатай боловсон хүчнийг томилон ажиллуулах “Амлалтын гэрээ”-г мэргэжлийн холбоодтой байгуулах, Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хамгаалах, дэмжих бодлогыг тодорхойлох, Азийн бар болсон хөгжингүй улс орнуудын туршлагыг нутагшуулах замаар “ Хөгжлийн шинэ эрин үе - Аж үйлдвэржилтийн хувьсгал” эхлүүлэх, Монгол Улсад үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэгийг 200 дахин нэмэгдүүлэх замаар аж үйлдвэрийн салбарт 200,0 мянган ажлын байр бий болгох зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг 14 санал байгаа юм байна.

С.Сайнзаяа

 

Холбоотой мэдээ