Жон Ленноны туг үс 35 мянган долларын үнэ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
jargal@montsame.mn
2016-02-22 10:43:16

НЬЮ-ЙОРК. /TASS/. Домогт Битлз хамтлагийн гишүүн, алдарт хөгжимчин Жон Ленноны туг үс Америкийн Техас муж улсын Даллас хотод болсон дуудлага худалдаагаар 35 мянган долларын үнэ хүрч зарагджээ. Энэ тухай уг дуудлага худалдааг зохион байгуулсан “Heritage Auctions” ордон мэдээлсэн байна. Дуудлага худалдааны тус ордон эхлээд 10 мянга орчим долларын орлого олно гэж төлөвлөж байжээ.

10 см орчим урт, хүрэн бор туг үсийг 1967 онд Германы үсчин Клаус Барук Гамбург хотод тайрчээ. Тус хотод Жон Ленноны гол дүрд нь тоглосон дайныг эсэргүүцсэн уран сайхны кино болох “Би дайнд хэрхэн ялсан бэ” /“How I Won the War”/ киноны зургийг авсан байна. Кино зураг авалт эхлэхийн өмнө Ленноны үсийг тайрсан үсчин түүний туг үсийг дурсгал болгон авч үлдэж, бараг 50 жил өөртөө хадгалжээ.

“Heritage Auctions” ордны төлөөлөгчдийн мэдээлснээр, урьд өмнө үнэ хаялцуулж байсан Ленноны туг үснүүдээс хамгийн урт нь болох дээрх үсийг Их Британийн цуглуулагч худалдан авсан байна.  

Далласт болсон дуудлага худалдаанд мөн “Ливерпүүлийн дөрвөл”-тэй холбоотой өөр эд зүйлсийг, тухайлбал, ховор пянзууд, гэрэл зургуудыг үнэ хаялцуулжээ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ