Хувь хүүхдийн хөгжлийг хангах хөтөлбөрийг туршина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймагт “6-12 насны Монгол хүүхдийн сурах бэрхшээлийн судалгаа, заслын арга” сэдэвт сургалт болов.
Сургалтыг Дархан сумын “Энэрэл” цогцолбор сургуулийн сургалтын чанарын шинэчлэлийг эрчимжүүлж хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлж эрдэм боловсролтой “Зөв Монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэхэд чанарын ахиц гаргах зорилгоор явуулж байна. Хүүхдийн хөгжлийн болон сурах бэрхшээлийг эрт илрүүлэх арга зүйг боловсруулж турших, хэл, сэтгэл засал, хөдөлгөөн засал, нэг эрхтэн нөгөө эрхтнээ орлон нөхөх засал, сурган хүмүүжүүлэх засал, хичээлийн засал, хамт олонд тулгуурлаж нөхөн сэргээх засал, гэр бүлийн, биологийн заслыг сургалтын явцад хэрэгжүүлэх арга зам боломжийг тодорхойлоход чиглүүлжээ.
Мөн сурах бэрхшээлтэй хүүхдэд зориулсан “Хүүхэд хөгжлийн хувийн төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлж багш, эцэг эх, олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн байна. Хувь хүүхдийн хөгжлийг хангах хөтөлбөрийг туршиж багш, эцэг эх, сурагчийн хамтын ажиллагааг зохион байгуулж бусад аймаг, орон нутагт жишиг загвар болгох санаачлага гарсан нь гол үр дүн юм. Сургалтад БНСУ-ын тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн багш, доктор, профессор Жонг Жонжинь, орчуулагч М.Жаргалмаа, дохионы хэлний багш Монгол улсын гавьяат багш, согог зүйч Б.Оюунчимэг, заах аргач эрдэмтэн Ж.Мэндээ, С.Норов нар төслийн ажилд урилгаар оролцлоо.
Б.Норовсамбуу