“Facebook” болон “Twitter” сүлжээ “Apple”-ийн талд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-19 15:03:19

ЛОНДОН. /BBC/. “Twitter” болон “Facebook” нийгмийн сүлжээ “Apple” компани болон АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо хооронд дэгдсэн маргаанд “Apple”-ийг дэмжжээ.

“Facebook” компани терроризмыг буруушааж, хууль сахиулах байгууллагуудын ажлыг үнэлж байна” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. “Бид эрх баригчдаас хууль ёсны дагуу тавьсан хүсэлтийг үргэлж хүлээж авдаг бөгөөд тэдгээрийг нь биелүүлдэг. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын системийг сулруулах шаардлагатай бид хэзээд тэмцэх болно" гэж “Facebook”-ийн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

“Энэ шаардлага нь хэрэглэгчдийн дунд айдас бий болгож,  бүтээгдэхүүнүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад компанид саад болно” гэж мэдэгдэлд дурдсан байна.

“Apple”-ийн шийдвэрийг мөн “Twitter” нийгмийн сүлжээний ерөнхий захирал Жек Дорси дэмжсэн байна. “Бид Тим Кук болон “Apple”-ийг дэмжиж байна” гэж тэрбээр уг сүлжээн дэх хуудсандаа бичжээ.

2015 оны 12 дугаар сард эхнэрийнхээ хамт Калифорни муж улсын Бернардино хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төвд гал нээсэн Сайед Фарукийн “iPhone” гар утсанд нэвтрэхэд “Apple” компани Холбооны тагнан мөрдөх товчоонд техникийн тусламж үзүүлэх ёстой гэдэг шийдвэрийг Лос-Анжелес хотын шүүх урьд нь гаргасан байна.

Олон арван жил боловсруулсан хэрэглэгчдийг хамгаалах системийг эвдэхийг хүсч байгаа учир Засгийн газарт ийм тусламж үзүүлэх боломжгүй гэж “Apple”-ийн тэргүүн Тим Кук уг шийдвэрийн хариуд мэдэгджээ.

“Apple”-ийн шийдвэрийг мөн “Google” болон “WhatsApp” дэмжсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ