Гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг Асадаас хүслээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-17 09:23:12

ДАМАСК. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын засаг захиргаанаас НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч хүслээ.

НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура өчигдөр Дамаск хотноо Сирийн Гадаад хэргийн сайд Валид аль-Муалемтэй уулзсан байна.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг тайлбарлаж, үүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг Асадаас хүсчээ.

Долоо хоногт багтаан Сири даяар гал зогсоож, бүслэлтэд байгаа Сирийн нутаг руу хоол хүнс болон хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг эхлүүлэхээр 17 орны Гадаад хэргийн сайд нар, НҮБ болон бусад байгууллагын төлөөлөгчид тохиролцсон байна.

НҮБ болон бусад байгууллагын тусламжийг саадгүй нэвтрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг Сирийн Засгийн газар авна гэж Муалем мэдэгдсэн боловч гал зогсоох хэлэлцээрийг Асадын Засгийн газар хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Сирид мөргөлдөөн эрчимжиж байгаатай холбоотойгоор Стаффан де Мистура тус улсад гэнэтийн айлчлал хийжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ