Умард Солонгост нэмж хориг арга хэмжээ авахаар тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-16 11:49:43

ТОКИО. /NHK/. Умард Солонгост нэмж хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэж Япон, Австрали тохиролцсон байна. Умард Солонгос хиймэл дагуул хөөргөсөн гэж мэдэгдсэн боловч үүнийг алсын тусгалтай баллистик пуужингийн туршилт гэж олон улс үзэж байна.

Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида өчигдөр Токио хотноо Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишоптой уулзжээ.

Умард Солонгосын энэ үйлдлийг олон улсын хамтын нийгэмлэг буруушаахаас өөр аргагүй гэж Бишоп сэтгүүлчдэд мэдэгдээд, Умард Солонгост хориг арга хэмжээ авахаас болгоомжилж байгаа БНХАУ-д шахалт үзүүлэх нь ихээхэн ач холбогдолтойг онцлов.

Мөн тэрбээр, Умард Солонгостой хийх хэлэлцээг дахин эхлүүлэхэд БНХАУ чухал үүрэгтэй бөгөөд Умард Солонгосын авирыг тогтоон барихад БНХАУ-ын нөлөөг ашиглаж болно гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны тухай Бишоп дурдаад, тус бүс нутгийн газар нутгийг нэхэмжилж байгаа орнуудын аль нэг талд Австрали орохгүй бөгөөд маргааныг тайван замаар зохицуулахыг нэхэмжлэгч талуудад уриалжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ