“Лалын улс”-ын толгойлогчдын нэгийг Йеменд устгажээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-04 16:47:14

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчдын нэгийг пүрэв гарагт Йеменд нисгэгчгүй нисдэг аппаратаар цохилт өгч устгасан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Жаляль Балидигийн хоёр туслахтайгаа явж байсан автомашинд цохилт өгчээ. Террористууд Йемений өмнөд нутагт оршдог Зинжибар болон Шакра хот хоорондын зам дээр явж байсан байна.

Йеменд улс төрийн хямрал хурцадаж эхэлснээс хойш “Лалын улс” болон “Арабын хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн босогчид тус улсад халдах нь ихэсчээ. Томоохон халдлага 2015 оны гуравдугаар сарын 20-нд болсон байна. “Лалын улс”-ын гурван амиа золиослогч Сана хот дахь шиитүүдийн Бадр болон Аль-Хашуш сүмд халдлага үйлдсэний улмаас 140 орчим хүн амиа алдаж, шархадсан хүмүүсийн тоо 280 давсан байна. 2016 оны нэгдүгээр сарын 28-нд тус бүлэглэлийн амиа золиослогч Йемений Аден хотод ерөнхийлөгчийн ордны ойролцоо мина суурилуусан автомашин дэлбэлсний улмаас найман хүн амиа алдаж, 12 хүн шархадсан байна. Телевизийн “Аль-Арабия” сувгийн мэдээлснээр, халдлагын бай нь тухайн үед ерөнхийлөгчийн ордонд ирсэн байсан Аден хотын захирагч байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ