Ойрын таван жилд Хятад навигацын 40 хиймэл дагуул хөөргөнө

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-02-04 15:19:23

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс ойрын таван жилд “Beidou” үндэсний навигацын системийн 40 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулахаар төлөвлөж байна гэж тус улсын Навигацын хиймэл дагуулын товчооны захирал Жань Чэнци мэдээлжээ.

Хятад улсын байгуулж байгаа “Beidou” навигацын  систем нь Америкийн “GPS”, Оросын ГЛОНАСС системийн өрсөлдөгч болох юм. 2020 гэхэд уг систем нь дэлхий даяар навигацын үйлчилгээ үзүүлэх төлөвтэй байна. Хятадууд “Beidou” системийн 21 дэх хиймэл дагуулыг энэ сарын 1-нд тойрог замд оруулжээ.

2018 оны эцэс гэхэд нэмээд 18 хиймэл дагуул хөөргөж, тойрог замд оруулна гэж Жань Чэнцигийн хэлснийг Синьхуа агентлаг уламжилсан байна. Тэрбээр мөн “Beidou” нь Хятадын нутаг дэвсгэрт объектуудын байрлалыг 5 хүртэл метрийн нарийвчлалтайгаар тодорхойлох боломж олгоно гэдгийг онцлон хэлсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ