Уул уурхайн компаниудын уршгаар 3 гол, 15 булаг, шанд устлаа гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2015-09-14 17:26:43

“Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж дэлхийн өвд бүртгэлтэй Орхон голын хөндийн соёлын дурсгалт газарт 40 гаруй алтны компани алт олборлон, байгаль орчныг сүйтгэж байна хэмээн мэдэгдлээ.

Тэрээр ярихдаа,“Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт төрийн тахилгат Суварга хайрхан уул байдаг бөгөөд үүнээс эх авдаг 7 гол Орхон голд цутгадаг. Гэтэл 1999 оноос “Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” ХХК-иуд алт олборлосноос 3 гол, 15 булаг, шанд устлаа. Ингэснээр 240 өрхийн 990 малчин иргэд ундны усгүй  болж, 4-5 км зайтай газраас ундны усаа зөөдөг болсон. Гол шалтгаан нь  2012 онд  “Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” ХХК-иуд лицензтэй талбайдаа хууль бусаар 40 гаруй уул уурхайн үйл компани оруулснаас үүдсэн.  Тухайн үед тус аймгийн удирдлагууд болон Улсын Мөрдөн байцаах газар гээд хэд, хэдэн байгууллагууд нэгдэн  хууль бус компаниудыг бүгдийг хөөж,  эвдэрсэн газрын 60 хувьд нөхөн сэргээлт хийлгэсэн. Хууль бусаар олборлолт хийж байгаа компаниуд алтыг сорчилж аваад, усыг бохирдуулж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа огт хийхгүй байгаа учраас төрийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээн онцлов.

“Ариун суварга”, “Орхоны дуу хоолой” ТББ-ууд  хамтран ажиллаж, хууль бус алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоож Орхон голоо аврахаар нутгийн 200 гаруй иргэний гарын үсэг цуглуулж холбогдох байгууллагуудад хүргүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд