“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 14:29:36

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.

“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотод хэргэжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж , дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх ба тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Мөн төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулна. Чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад томоохон түлхэц үзүүлэх үр дүнтэй ажил болно гэж зохион байгуулагчид тооцож байна.

Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд нэгдсэн хуралдаан 9:00-12:30, салбар хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл үргэжилнэ. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлэх боломжтой.

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим нь Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын санаачилгаар 2015 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагдсан юм. Танхимын зорилго нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийнхэний оновчтой санал санаачилгыг эрх бүхий байгууллагуудад хүргэхэд оршино. Нийслэл хотыг цэвэр цэмцгэр, аюулгүй, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд худалдааны танхим нэн тэргүүнд анхааран ажиллахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцлийг бүрдүүлж, цаашлаад санхүүгийн төв хот болгохоор зорин ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ