Өнөөдөр Дэлхийн анхны тусламжийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2015-09-12 16:45:14

Дэлхийн анхны тусламжийн өдрийг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос жил бүрийн  9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тэмдэглэдэг. Тэгвэл энэ жилийн дэлхийн анхны тусламжийн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ жил  “Анхны тусламжийг хүн бүрт... хаана ч...”  гэсэн уриаг дэвшүүлж, ахмад настай иргэдийн дундах анхны тусламжийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж буй аж. Өндөр настай иргэд анхны тусламжийн мэдлэгтэй болсноор харвалт, зүрхний шигдээсийн үед юу хийхээ мэддэг болж, анхны тусламж үзүүлэх боломжтой болно хэмээн дэлхий нийт үзжээ.

Дэлхийн анхны тусламжийн өдрөөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн 93-120-120 дугаарын утсаар мэдээлэл өгч байна. Мөн тус нийгэмлэгээс иргэд анхны тусламж үзүүлэх талаарх сургалт авах боломжтой хэмээн албаныхан мэдэгдлээ.

Дашрамд дурдахад осол, гамшиг тохиолдсон үед гэмтэж бэртсэн иргэдийн 90 хувийг аврах ажиллагааг тэдний хөрш, гэр бүлийн гишүүд нь гүйцэтгэдэг бөгөөд зөвхөн үлдсэн 10 хувьд нь мэргэжлийн байгууллагууд тусалдаг байна.  Иймээс анхны тусламжийг үзүүлэх мэдлэг ур чадварыг иргэн бүрт олгох ажиллагааг эрчимжүүлэх нь чухал хэмээн салбарынхан дүгнэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр осол гэмтлийн улмаас жил бүр дэлхий дээр 5 сая гаруй хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх  төлөвтэй байгааг онцолжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд