Иракт үйлдсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээв

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-12 10:34:30

КАИР. /TASS/. Иракийн нийслэл хотын худалдааны төвд үйлдсэн халдлагын хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээсэн байна. Хэд хэдэн хүнийг барьцаалсан уг халдлагын улмаас 19 хүн амиа алдаж, 48 хүн шархадсан тухай хиймэл дагуулын телевизийн “Al Jazeera” суваг мэдээлжээ.

Иракийн нийслэл Багдад хотын зүүн хэсэгт оршдог Багдад-эль-Жадида дүүргийн худалдааны төвд зэвсэгт бүлэглэл халдсан байна. Босогчид худалдааны төвд дайран орохын өмнө амиа золиослогч уг барилгын ойролцоо мина суурилуулсан автомашин дэлбэлжээ. Дараа нь хоёр амиа золиослогч худалдааны төв дотор амиа золиосолсон бол тэдний хамсаатнууд хэд хэдэн хүнийг барьцаалсан байна. Халдлагын дараа нийслэл хотын орох, гарах бүх гарцыг хаажээ. Халдлагын газарт ирсэн хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд террористуудтай буудалцаж эхэлсэн байна. Бүх босогчийг устгаж, барьцаалагдсан хүмүүсийг суллан, хүчнийхэн байдлыг хяналтдаа авсан гэж Иракийн Дотоод хэргийн яам сүүлд нь мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэл мөн Багдад хотоос зүүн хойш 80 км зайтай оршдог Эль-Микдадия хотын казиногийн ойролцоо даваа гарагт болсон хоёр дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээсэн байна. Уг дэлбэрэлтүүдийн улмаас 20 хүн амиа алдсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ