Залуу дипломат ажилтнууд тангараг өргөв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_tuul@montsame.mn
2015-12-23 16:53:27

Гадаад хэргийн яамны шинэ залуу ажилтнуудын дипломат ажилтны тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

2015 оны 7 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу дипломат албан тушаалд анх элсэн орох мэргэжлийн шалгалтыг нээлттэйгээр зохион байгуулсан. Энэхүү нээлттэй шалгалтад ажлын байрны шаардлагыг хангаж байгаа хэн бүхэн чөлөөтэй өрсөлдөх боломжийг олгосон бөгөөд нийт 340 орчим хүн оролцсоноос  28 хүн тэнцсэн юм. Эдгээр шинэ залуу дипломат албан хаагчид Гадаад хэргийн яам болон Дипломат төлөөлөгчийн газруудад зохих албан тушаалд томилогдон ажиллаж, туршилтын хугацааг өнөөдөр амжилттай дуусгаснаар тангараг өргөж, төрийн тусгай албан хаагч боллоо.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг залуу дипломат ажилтнуудад хандан “Дипломат ажилтан нь өндөр ёс зүйтэй, сахилга баттай, хүнлэг энэрэнгүй, харьцааны хийгээд биеэ авч явах өндөр соёлтой байх ёстой. Төрийн тусгай албан хаагчийн хувьд төрийн хууль тогтоомж, олон улсад нийтлэг мөрдөгддөг эрх зүйн хэм хэмжээ, ёс зүйн болон сахилгын холбоотой  дүрэм, журмыг ягштал мөрдөж ажиллах, дипломат эрх ямбыг зөв эдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байвал зохино. Хилийн чанадад суугаа эх орон нэгтнүүдтэйгээ зөв боловсон харьцаж байх, зовж зүдэрсэн нэгэндээ урмын үг хайрлаж байх, тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх, хөндөгдсөн эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалахад цаг ямагт анхаарч санаа тавьж байх нь зүйтэй. Монгол ахуй, түүх соёл, зан заншлаа мэддэг байх хэрэгтэй” хэмээн хэлэв.

ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын атташе Т.Эрдэнийнчулуу:

“Төрийн албан хаагчийн тангараг өгч байхад хамгийн түрүүнд миний үүрэг хариуцлага нэмэгдлээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Өмнөө тавьсан том зорилгынхоо үзүүрээс нь атгаж чадсандаа өөрөөрөө бахархан зогсож байлаа. Монгол Улсынхаа төлөө бие, сэтгэлээ зориулан ажиллаж,  хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна”

ГХЯ-ны Ази, Ойрхи дорнод, Африкийн газрын атташе Э.Энхбаатар:

“Би багаасаа дипломат албан хаагч болно гэж мөрөөдөж ирсэн. Энэхүү мөрөөдлийнхөө өчүүхэн хэсгийг биелүүлсэндээ баяртай байна. Тангараг өргөж байхдаа одооноос өөрийнхөө мэдлэг, боловсролыг улам хөгжүүлж, хичээн ажиллах болно хэмээн өөртөө амалсан"

Холбоотой мэдээ