Ойг эдийн засагжуулах шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2015-12-17 12:05:00

БОНХАЖЯ-наас 2013 оноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын Үндэсний ойн тооллого” төслийн хүрээнд Монгол Улсын нийт ойн 0.02 хувийг тоолж, баталгаажуулжээ. Уг төслийн танилцуулах уулзалт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8 хувийг ой эзэлдэг нь хэдийгээр бага мэт харагдаж байгаа ч хүн амын тоонд харьцуулахад хангаллтай нөөц бий гэдгийг Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ойн нөөцийн судалгаа, ашиглалтын албаны дарга Х.Мичид хэллээ.

Ойн тооллогыг явуулахын тулд хиймэл дагуул ашиглан ойн нөөц бүхий 4211 цэгт тус бүр 3 дээж цэг байгуулжээ. Уг цэгүүдээр дамжуулан нийт 251 мянга 394 мод тоолж, Ойн судалгаа, хөгжлийн төвд бүртгүүлсэн байна. Цаашид нийт ойн тоо болон хүлэмжийн хий шингээлт, хүчил төрөгч ялгаруулалтын хэмжээг тогтоож, НҮБ-д тайлангаа хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ой бол усны эх үүсвэр болохоос гадна хүлэмжийн хийг шингээж, хүчил төрөгч ялгаруулдгаараа экосистемийн чухал хэсэг. Засгийн газраас энэ онд Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Ойн тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Үүний дагуу байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийсэн этгээдийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн иргэнийг урамшуулах, хууль бусаар мод бэлтгэсэн, борлуулсан орлогыг Байгаль хамгаалах санд төвлөрүүлж, ой хамгаалахад зарцуулах зэрэг эрх зүйн орчин бүрдсэн хэмээн Н.Батцэрэг танилцуулах уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Ойг хамгаалахаас гадна зүй зохистой ашиглаж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай байгааг холбогдох яамныхан онцолж байлаа. Монголчууд түлш болон гэрийн мод бэлтгэх зэргийг ойг ашиглаж байна гэж ойлгодог. Орчин үед мод, модон эдлэл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг болсон тул ойг эдийн засагжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Үүний тулд БОНХАЖЯ ойгоос бөөрөнхий мод бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдийг эцсийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүний шууд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Ингэснээр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд түүхий эд, материалаа хямд үнээр авч, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

Харин үйлдвэрлэлд ашигласан ойг ойн нөхөрлөлүүдэдээр дамжуулан нөхөн сэргээх, энэ чиглэлээр мэргэшсэн тогтмол ажлын байр бий болгох боломжтой хэмээн үзсэн байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ