Хоёр Солонгос өндөр түвшинд хэлэлцээ хийж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-11 11:40:02

СӨҮЛ. /TASS/. БНСУ болон БНАСАУ-ын харилцааг хэвийн болгох өндөр түвшний хэлэлцээ тус хоёр улсын хил орчмын Кэсон хотод өнөөдөр эхэллээ.

“Умард болон Өмнөд Солонгосын хооронд шийдэх шаардлагатай маш олон асуудал хуримтлагдсан. Эдгээр асуудлыг шат дараалан шийдэхийн тулд боломжтой бүхнийг хийцгээе” гэж Умард Солонгост хүрэлцэн ирсэн Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн тус улсын Улс орноо нэгтгэх асуудал эрхэлсэн яамны дэд сайд Хван Бу Ги сэтгүүлчдэд мэдэгджээ. Хэлэлцээнд Умард Солонгосыг чухам хэн төлөөлж байгааг мэдээлээгүй байна.

Хэлэлцэх асуудлуудын талаар ч мөн албан ёсны мэдээлэл байхгүй байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Кымгансан уулын аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагааг сэргээх, Пхеньянд авсан Сөүлийн хориг арга хэмжээг цуцлах, Солонгосын дайны дараа хуваагдсан гэр бүлүүдийг тогтмол уулзуулах зэрэг асуудлыг хэлэлцэх асуудлуудын тоонд оруулж магадгүй.

Энэ оны наймдугаар сард Умард Солонгосын талаас Өмнөд рүү гал нээсний дараа Солонгосын хойгийн байдал эрс хурцадсан юм. Байдлыг намжаах зорилгоор хоёр үе шаттай хэлэлцээ хийсний дүнд талууд өндөр түвшинд яриа хэлцээг эхлүүлэхээр тохиролцсон билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ