Калифорнид халдлага үйлдэгч террористуудтай холбоотой байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-11 10:45:28

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн Калифорни муж улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төвд эхнэрийнхээ хамт гал нээсэн Саид Фарук террорист “Аль-Каида” сүлжээнд элсэхийг оролдсон хэргээр тус улсад баривчлагдсан хэт давруу үзэлтнүүдтэй холбоотой байжээ. Энэ тухай Америкийн телевизийн “CNN” компани мэдээлэв.

Тус сувгийн мэдээлснээр, “Фарук нь “Аль-Каида” бүлэглэлд нэгдэхээр Афганистан руу гарахыг оролдсон хэргээр 2012 онд баривчлагдсан Калифорни дахь жихадистуудын бүлэглэлийн гишүүдтэй холбоотой байсан гэж Америкийн Холбооны мөрдөх товчоо үзэж байна”. Мөрдөн байцаагчид тухайн үед баривчлагдсан дөрвөн эрэгтэйн нэг болох Сохиля Кабираг шалгаж байгааг “CNN” мөн онцлон тэмдэглэжээ. Түүнд 25 жил хорих ял оноосон байна. Эрх баригчдын мэдээлснээр, тэрбээр “хүмүүсийн дунд хэт давруу үзэл тарааж байсан элсүүлэгч” байжээ. “CNN” сувгийн мэдээлснээр, Фарук, Кабира хоёр танилууд байсан байна. “Reuters” агентлагийн пүрэв гарагт мэдээлснээр, Фарукийн эхнэр Тэшфин Маликийн хамт энэ сарын 2-нд халдлага үйлдсэний улмаас 14 хүн амиа алдаж, 21 хүн шархадсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төвөөс холгүй оршдог жижиг нуурын ёроолыг мөрдөн байцаагчид шалгаж байгаа аж. Шумбагчид чухам юу хайж байгаа талаар мэдээлэхгүй байгаа юм. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, гэмт этгээдүүд чухал мэдээлэл бичсэн байж магадгүй хатуу дискийг эрх баригчид одоогоор олж чадаагүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ