Монголын театрууд хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-10 17:08:48

“Театр хүний эрхийн төлөө 2015” төслийн хаалт буюу орон нутгийн театруудын шилдэг “Тавилттай уншлага”-ыг энэ сарын 16-нд УДЭТ-т зохион байгуулна.

Тус төслийг Нээлттэй нийгэм форумын санаачилга, санхүүгийн дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл төв, УДЭТ хамтран хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвээр бичсэн 4 бэсрэг жүжгийн тавилттай уншлагыг УДЭТ-ын уран бүтээлчид тавьсан бөгөөд Авлигатай тэмцэх газар хамтран ажиллажээ. Энэ жилийн хувьд Олон улсын хүний эрхийн өдөр болон Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэмжин зохион байгуулах юм.

Орон нутгийн театрт үзвэрийн шинэ төрөл болох “Тавилттай уншлага”-ыг нэвтрүүлэхээр иргэдэд хүний эрх, эрхзүйн боловсрол олгох, орон нутгийн тулгамдсан асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилгоор хэрэгжүүлсэн уг төсөлд Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл зэрэг аймгийн театрын уран бүтээлчид оролцсон юм.

УГЗ Ч.Найдандоржоор ахлуулсан шүүгчдийн баг аймгийн театруудаар явж үзлэг хийн, Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн хөгжимт драмын театрын “Хүсэл”, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын “Уучил”, Дорноговь аймгийн Саран хөхөө  театрын “Бурхан өршөөхгүй” бэсрэг жүжгийг сонгож, УДЭТ-ын тайзнаа уншлага хэлбэрээр тавих эрхийг олгожээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ