Дэлхийн банкныхан хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд тогтоох бодлого дутаж буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-31 16:29:59

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын дарга С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын ХЭХ-ийн дарга А.Даваажаргал, НЗДТГ-ын БТХ-ийн ТХАТ-ийн дарга И.Батхүү, Дэлхийн банк группын Худалдаа, өрсөлдөх чадварын газрын төслийн удирдагч Д.Жигжидмаа, Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберт Эчанди, Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн асуудал хариуцсан тэргүүн мэргэжилтэн Стийв Уттервулге нарын албаны хүмүүс оролцов.

Уулзалтаар Дэлхийн банк Засгийн газартай хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нийслэлийн Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Түүнчлэн төслийн зүгээс хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг шийдвэрлэх механизмыг бүрдүүлж холбогдох журмыг боловсруулах, нийслэлийн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэдэг систем дээр үндэслэн  хөрөнгө оруулагчдын өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авах, түүнд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих IT программыг боловсруулж нийлэлийн хэмжээнд туршин нэвтрүүлэх зэрэг хамтран хийх ажлын талаарх саналуудыг нийслэлийн Засаг даргад уламжиллаа.

Мөн гадны хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад оруулж ирэхэд тэдэнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид нийслэлтэй хамтран ажиллах нь маш чухал. Улаанбаатар хотод энэ улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Улс орнуудад хөрөнгө оруулагчдыг татах бодлого бий  ч тэднийг урт удаан хугацаанд тогтоох бодлого дутаад байна. Нийслэлийн хэрэгжүүлж байгаа бодлого туршлагаас бид өөрсдийн ажилдаа туршлага болгон ашиглана гэдгээ илэрхийлсэн.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх гэж буй төслийн хүрээнд нийслэлтэй хамтран ажиллах гэж буйд талархал дэвшүүлье. Үндэсний болоод нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг хөрөнгө оруулагчгүйгээр шийдвэрлэхэд бэрх. Үүний тулд хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан, нийслэл хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Нийслэлд бий болсон туршлага зарим нэг бүтэц, механизмыг та бүхэн ашиглаад энэ ажлыг явуулах боломжтой гэж үзвэл дэмжин ажиллахад бэлэн”  хэмээн онцлов. 

Related news