Усанд осолдох тохиолдол өмнөх оныхоос 27.6 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-09 12:26:26

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 27.6 хувиар буурсан үзүүлэлт юм. 

 

Он гарсаар 12 аймгийн 26 суманд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж, 27 иргэн амиа алдсаны найм нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тохиолдлын тоо 27.6 хувь, амиа алдсан хүний тоо 32.5 хувиар тус тус буурсан үзүүлэлт аж.

 

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа ярихдаа, Өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын 5 хоногийн хугацаанд 18 иргэн усны ослоор амиа алдсан. Тиймээс гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа ииргэд стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

 

Энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд  мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

 


Related news