Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-09 11:08:01

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрладаг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг хийжээ. 


Уг төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчилсэн байна. Үүнд, талбайн төв хэсэгт монголчуудын эрт үеэсээ хэрэглэж ирсэн хүний амьдралын ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөн, өлмий бат оршихуйн бэлгэдэл алхан хээг тойруулан урлаж, түүний дотор талд өсөн дэвжин мандан бадрахын бэлгэдэл зоосон хээг урлажээ. Мөн цам харайх бүжиг хийдэг байхаар төлөвлөжээ.


Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх үүрэгтэй. Мөн монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог бөгөөд хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын очих газруудын нэг юм. Монголын шашин, соёлын төв Гандантэгчэнлин хийдийг тохижуулж сайжруулснаар иргэдийн зорчих ая тухтай нөхцөл бүрдэж, гадаадын аялагч, жуулчдыг татахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.


Энэхүү засвар, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулж, “Дабль пирамид констракшн” компани хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллажээ.



Related news