Финландын ФЛОМ байгууллага байраа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-14 14:44:50

Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа ФЛОМ олон улсын байгууллагын хоёр давхар байрыг 15 жилийн туршид хамтран эзэмших гэрээнд ФЛОМ байгууллагын суурин төлөөлөгч Мика Лайхо, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ХБИ-ийн холбоодын зөвлөлийн тэргүүн Г.Самбууданзан нар гарын үсэг зурлаа.

Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлд дээрх байрыг бүрэн эзэмшүүлж, төрийн зүгээс урсгал засварын ажлыг хариуцахаар боллоо. Мөн аль нэг худалдааны төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж лангууны асуудлыг шийдвэрдэж, түрээсийг нь жилд бүр өгч байхаар Засаг дарга Ц.Мөнхнасан шийдвэрлэлээ.

 Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд өөрсдийн хийсэн гар урлалын бүтээлүүдээ зах зээлд ойрхон борлуулах нэг боломж нээгдэж байгаа юм.

Архангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 7 байгууллага нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний үйл ажиллагааг ямагт дэмждэг Финландын ФЛОМ байгууллага Архангай аймагт 2003 оноос эхлэн төсөл хэрэгжүүлэх судалгаа явуулж, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлсээр иржээ.

 Архангай аймаг Л.Булган

 

Related news