“Япон фестиваль Монголд 2024” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Япон фестиваль Монголд 2024” Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Наадмын хүрээнд Монгол, Японы уран бүтээлчдээс гадна анимэ дууны тэмцээн, косплей, e-спортын тэмцээнүүд, кэндо, каратэ, хошин болон илбийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болж байна.
Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаагаар харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлж хоёр орны хөгжлийг эрчимжүүлэх зорилготой “Бүхнийг ирээдүйн төлөө” уриан доор хоёр орны бизнес, боловсрол, соёл, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаа холбоо, цаашдын ирээдүйг авч явах шинэ үеийнхний төлөө энэ жилийн наадмыг чиглүүлжээ.
Мобиком компани хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан кино ертөнцөөр аялах, ухаалаг гар утас, төхөөрөмжүүдийг туршиж, технологийн буланг нээсэн байв. Мөн фестивальд монгол залуучуудыг Япон улсад ажиллахад зуучлах компаниуд оролцож байна. Тэдний нэг нь Outsourcing Technology /OSTech/ компани юм. Уг компани манай улсад төлөөлөгчийн газартай.
Тус компани нь Япон улсын хэмжээнд 54
салбартай. Томоохон хотод төдийгүй орон нутагт ч төсөл хэрэгжүүлдэг онцлогтой юм байна. Энэ компаниар зуучлуулсан нөхцөлд тус компанитай хамтын ажиллагаатай Японы 4800 компанид ажиллах боломжтой ажээ.
Япон улсын Элчин сайдын яам тус фестивалийг дэмжин ажиллаж байна.