Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.2 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-07-10 10:32:40

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 6 дугаар сард улсын хэмжээнд 2024 оны мөн үеийнхээс өссөн байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.6 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.0 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар нөлөөлсөн байна.


Улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 5.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 16.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 5.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.3 хувиар тус тус өсжээ. Улаанбаатар хотод барааны бүлгийн үнэ 5.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 18.3 хувь, хүнсний бүлгийн үнэ 6.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 10.6 хувиар өссөн нь хамгийн их байна.


Хүнсний барааны бүлгийн үнэ 5.5 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.3 хувиар, барааны бүлгийн үнэ 5.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.9 хувиар өсжээ.  


Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.4 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5 нэгж хувиар нөлөөлжээ. Инфляцад түвшин 8.2 хувь гарсны 1.6 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 2 нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж.


Инфляц 8.2 хувь гарсны 2.4 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.


Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт бараа, үйлчилгээний 430 нэр төрлийн 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.


Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2025 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 12.0 хувиар, хонь, ямааны махны үнэ 4.7 хувиар өссөн нь нөлөөлжээ.


Талх, гурил, будааны бүлгийн үнэ 4 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 6 хувиар, гоймон гийн үнэ 17.6 хувиар нөлөөлсөн байна. 


Улаанбаатар хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.4 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.2 нэгж хувиар нөлөөлжээ. 


Мөн нийслэлд үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 6 дугаар сард 24382 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 6 дугаар сарынхаас  8.7 хувиар, 2024 оны 6 дугаар сарынхаас 1002 төгрөгөөр нэмэгджээ. 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2307 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 6 дугаар сарынхаас 0. 9 хувиар өсөж, 2024 оны 6 дугаар сарынхаас 6.4 хувиар буурчээ.


Нэглитр АИ-92 бензиний дундаж үнэ 2590 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны 6 дугаар сарынхаас 200 төгрөгөөр нэмэгдсэн аж.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 6 дугаар сард бүх аймагт өмнөх оны мөн үеийнхээс 3. 7- 13.5 хувиар илүү байна. Булган аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.7 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 13.5 хувиар өссөн нь хамгийн их байна.

Related news