УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-08 11:44:35

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс батлах тухай тогтоолын Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хааллтай дэгээр хийж байна.

Аливаа улс аюулгүй байдлаа хангах, улс орноо батлан хамгаалах ажиллагааны бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон албан ёсны баримт бичгийг баталдаг.  Монгол Улс 1998 оноос “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж байна.

Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэн боловсруулжээ.

Тус хуулийн төслийг хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжиж, Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай төслийг хэлэлцэх юм.

Ч.Ариунболд

Related news