Йемений хутичуудад дахин цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-23 09:37:06

ЛОНДОН, 2024 оны нэгдүгээр сарын 23 /BBC/. АНУ, Их Британи улсууд Йемен дэх хутичуудын найман байрлалд агаараас хамтарсан цохилт өгсөн тухай Пентагон мэдэгдэв.


Цохилтын гол бай нь газар доорх агуулахууд, мөн хутичуудын "пуужин харвах болон тагнуулын чадавхтай холбоотой"  байгууламжууд байсан байна. 


Йемений хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, тус улсын нийслэл Сана хотоос гадна бусад бүс нутаг цохилтод өртжээ. 


Ираны дэмжлэгтэй хутичууд худалдааны гол зам болох Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцнуудыг Израилтай холбоотой гэж үзэн халдсаар байгаа юм. 


"Бидний зорилго бол хурцадмал байдлыг намжааж, Улаан тэнгис дэх тогтвортой байдлыг сэргээх явдал хэвээр байгаа бөгөөд бид дэлхийн хамгийн чухал усан замуудад хүний амь нас, чөлөөт худалдааг эргэлт буцалтгүй хамгаална гэдгийг хутичуудын удирдагчдад дахин анхааруулж байна" гэж Пентагоны мэдэгдэлд дурджээ.


АНУ Йемен дэх объектуудад найм дахь удаагаа цохилт өгч байгаа бөгөөд Их Британитай хоёр дахь удаагаа хамтарсан ажиллагаа явуулсан байна.


АНУ-ын нисэх онгоц тээгч USS Eisenhower хөлөг онгоцны сөнөөгч онгоцнууд цохилт өгөхөд оролцжээ. Мөн Их Британийн талаас эзэн хааны Агаарын цэргийн хүчний Typhoon загварын дөрвөн сөнөөгч онгоц оролцсон байна.

Related news