Оросын худалдааны түншүүдэд "маш хатуу татвар” ногдуулна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-15 10:48:08

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 15 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-д хандан Украин дахь мөргөлдөөнийг 50 хоногийн дотор зохицуулахыг шаардаад, хэрэв энэ хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол Оросын худалдааны түншүүдэд "маш хатуу татвар” ногдуулна гэж мэдэгджээ. АНУ мөн НАТО-той Украинд “маш их хэмжээний цэргийн техник” нийлүүлэхээр тохиролцсон байна. 


Д.Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй Цагаан ордны Зууван танхимд даваа гарагт уулзахдаа, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд урам хугарснаа илэрхийлж, Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх Москвагийн байр сууринд сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ.


“Бид аль хэдийн тохиролцоонд хүрсэн байх ёстой гэж би бодож байсан, гэвч асуудал үргэлжилсээр л байна" гэж Д.Трамп хэлээд, хэрэв 50 хоногийн дотор тохиролцоонд хүрч чадахгүй бол бид маш хатуу ойролцоогоор 100 хувийн татвар тогтооно" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, эдгээр нь ОХУ-ын худалдааны түншүүдэд чиглэсэн “хоёрдогч тариф” байх аж. 


АНУ-ын Ерөнхийлөгч мөн Украин улсад олон тэрбум долларын өртөг бүхий цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон тухай мэдэгджээ. АНУ-д “дээд зэргийн чанартай зэвсэг” үйлдвэрлэж, түүнийг НАТО-д илгээх бөгөөд дараа нь тус эвсэл уг зэвсгийг “шаардлагатай газруудад” хүргэх болно гэж тэрбээр мэдэгджээ.


Дээрх шийдвэрийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте "маш том үйл явдал" хэмээн тодорхойлжээ. Түүний хэлснээр, энэ шийдвэрийн хүрээнд Украин агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин, зэвсэглэлд зориулж "маш их хэмжээний цэргийн тоног төхөөрөмж" хүлээн авах боломжтой болох аж.

Related news