АНУ хутичуудыг террористууд гэж зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-18 12:19:49

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 18 /Reuters/. АНУ-ын Төрийн департамент Ираны дэмжлэгтэй хути босогчдын  бүлэглэлийг террорист бүлэглэлүүдийн жагсаалтад дахин оруулжээ.


Энэхүү мэдэгдлийг лхагва гарагт хийсэн хэдий ч хоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр болохгүй юм. Ийм ангилалд оруулснаар Америкийн иргэд, компаниудаас босогчдод аливаа дэмжлэг үзүүлэхийг хориглодог. Мөн тус улсын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгийг нь царцаахыг шаарддаг.


Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерийн мэдэгдсэнээр, хутичууд олон улсын усан тээврийн эсрэг халдлага үйлдэж байгаа нь “далайчдыг аюул эрсдэлд оруулж, худалдааны чөлөөт урсгал болон навигацийн эрх чөлөөг тасалдуулж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ болон түүний холбоотнууд эдгээр халдлагын хариуцлагыг хүлээлгэх ёстой гэдгийг тодорхой мэдэгдсэн” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хутучууд Улаан тэнгис болон түүний ойр орчимд худалдааны хөлөг онгоцууд руу олон арван удаа дайрсан байна. АНУ-ын Зэвсэгт хүчин хутичуудын цаашид халдлага үйлдэх хүчийг сулруулах зорилгоор тэдний байрлалд өнгөрсөн долоо хоногоос цохилт өгч эхэлжээ.


Хутичуудын удирдагчдын хувьд өөрсдийн цохилтыг Газын зурвас дахь палестинчуудтай эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл гэж мэдэгдэж байгаа бөгөөд Израил довтолгоогоо зогсоох хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Тэд мөн террористууд гэдэг тодорхойлолтоо “шантааж” болгон ашиглаж байна гэж америкчуудыг буруутгасан байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа хутичуудыг террористуудын хоёр жагсаалтад оруулж байсан юм. Харин Ж.Байдены засаг захиргаа хутичууд төвлөрдөг Йемен дэх хүмүүнлэгийн хямралд хариу арга хэмжээ авахын тулд уг шийдвэрийг хүчингүй болгожээ.

Related news