Умард Солонгосын төлөв хандлагыг өөрчлөхөд туслахыг БНХАУ-д уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-09 11:35:19

ВАШИНГТОН. /NHK/. Өмнөд Солонгост пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD системийг байрлуулахыг хүсэхгүй байгаа бол Умард Солонгостой харилцахад туслахыг БНХАУ-ын дарга Си Зиньпинд уриалсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.

Б.Обама пүрэв гарагт Лаост болсон Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа хэвлэлийн бага хурал хийсэн байна.

Умард Солонгос баллистик пуужин харвахаа зогсоохгүй байгаа нь олон улсын зүгээс Пхеньянд хангалттай хэмжээний шахалт үзүүлж чадахгүй байгааг харуулж байна гэж Б.Обама хэлжээ.

Наймдугаар сарын эхээр пуужин харвасантай нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгост нэгдсэн фронтоор шахалт үзүүлэх тогтоолын төслийг баталж чадаагүй юм. Дипломат эх сурвалжуудын хэлснээр, Өмнөд Солонгост THAAD систем байрлуулах төлөвлөгөөг БНХАУ эсэргүүцсэн тул дээрх тогтоолыг баталж чадаагүй аж.

Умард Солонгосын халдлагаас сэргийлэхийн тулд уг системийг байрлуулах гэж байна гэж АНУ болон Өмнөд Солонгос мэдэгдсээр байгаа юм. Обама хэлэхдээ “Умард Солонгосын төлөв хандлагыг өөрчлөхийн тулд БНХАУ манай улстай хамтран ажиллах хэрэгтэй байна” гэжээ.

Г.Доржханд

 

Related news