“Улаанбаатар" олон улсын яруу найргийн форумд 10-аад орны найрагчид оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-19 14:19:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яам, Монголын зохиолчдын эвлэл, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар" Олон улсын яруу найргийн форум "Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр эхэллээ.

 

Тус форум Монголын уран зохиолыг олон улсад таниулах, үндэсний утга зохиолоор дамжуулан эх орноо сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Зохиолч, яруу найрагч, СГЗ, Чингис хааны одонт Г.Мэнд-Ооёогийн санаачлан зохион байгуулж буй тус форумд Монголын зохиолч, яруу найрагчдаас гадна Швед, Франц, БНХАУ, ОХУ, Бангладеш, Испани, Израил, БНСУ зэрэг орноос яруу найрагч, зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирж оролцож байна.

 

Энэхүү форум нь Монголын уран зохиол, яруу найргаас гадаад улсуудад хэвлэгдсэн антологиудын танилцуулга, “Өнөө үе ба яруу найраг” хэлэлцүүлэг, дээрх улс орнуудтай уран зохиолын харилцан орчуулгын хамтын ажиллагаа, “Олон хэлний найрсал” яруу найргийн уншлага зэрэг үйл ажиллагааг 3 өдрийн турш зохион байгуулахын зэрэгцээ 30 гаруй уран бүтээлийг харилцан орчуулж толилуулах юм. Үүнд, Ардын уран зохиолч Д.Урианхай “Ганцаараа нисч буй шувуунд”, Ц.Бавуудорж “Гунигийн гэгээ”, М.Амархүү “Бүрхүүл”, Ш.Лхамноржмаа “Зун шиг амьдарна”, Я.Баяраа “Багет” зэрэг уншигч олны дуртай олон шүлэг, яруу найраг багтжээ.

 

Ташрамд дурдахад, тус яамнаас утга зохиолоор дамжуулан олон улсад Монголын түүх соёл, нүүдэлчдийн ахуй, эх хэл, уламжлалаа сурталчлан таниулах бодлогын хүрээнд Монголын утга зохиолын сонгодог бүтээлийн нэг “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү, БНХАУ-ын холбогдох байгууллагатай санамж бичиг байгуулан хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулж, олон улсын зах зээлд гаргах ажлууд хийж байгаа аж. 





Related news