ЕБС, цэцэрлэгийн хичээл ирэх сарын 14-нөөс эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-26 14:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг ирэх сарын 14-нөөс танхим болон цахимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин их дээд, сургуулиудын хичээл ирэх сарын 7-ноос эхлэх аж.


Сурагчдын хичээл ирэх сарын 7-нд эхлэхээр байсан ч ийнхүү 7 хоног хойшилж байгаа нь коронавирусний омикрон хувилбарын тархалттай холбоотой аж. Уг хувилбарын тархалтын оргил үе энэ сарын сүүлээс ирэх сарын эхэнд тохионо хэмээн судлаачид үзэж буй юм.


БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр,  “Нийслэлийн бүх сургууль ирэх сарын 14-28 хүртэл танхим болон цахимаар буюу 5:9-ийн зарчмаар хичээллэнэ. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа бөгөөд энэ үзүүлэлт 1-3 дугаар ангийнханд илүү байна. Тиймээс ирэх сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болголоо. Харин орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаалж зохицуулалт хийнэ. Ногоон бүсийн сумын сургуулиуд ирэх сарын 14-нөөс 100 хувь цахимаар ажиллах юм” хэмээн мэдээллээ.


Мөн тэрбээр хичээл сургуулийг эхлүүлэхийн тулд иргэдийг гадуур зорчихгүй байж, Сар шинийн баярыг гэр гэртээ тэмдэглэхийг уриалсан юм.


СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ:

Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ:

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ. 

        

МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ:

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.


Энэ сарын 24-ний байдлаар коронавирусний вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3, их, дээд сургуулийн багш нарын 58 хувь нь хамрагджээ. Мөн 12-15 насны хүүхдийн 77.5, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байна.

Related news