Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 22.7 хувиар багаслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-30 13:24:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний 5 сард 1782 болж, өмнөх оны мөн үеийнхээс 524 (22.7 хувь)-өөр багаслаа.


Обьектын түймэр 1214 удаа гарч, өмнөх оны мөн үеийнхээс 489 (28.7 хувь)-өөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Улсын хэмжээнд дээрх хугацаанд мал, амьтны халдварт галзуу өвчний 11, коронавируст халдварын 45 229 тохиолдол бүртгэгдсэн байна.


Харамсалтай нь аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний 5 сард 370 хүн амь насаа алдсан нь өмнөх сарынхаас 165 (80.5 хувь)-аар, 45283 хүн түлэгдэж, бэртэж, өвчилж, хордсон хүний тоо өмнөх сарынхаас 22051 (1.9 дахин)-аар нэмэгджээ. Амь насаа алдсан шалтгааныг нь тодруулбал, бичил уурхай, нурангийн улмаас 4, усанд живсэн 17, хүчтэй салхи, шуурганы улмаас 11, обьектын түймэрт 33, коронавируст халдвараар 276, бусад золгүй явдлаар 29 хүн энджээ.


Аюулт үзэгдэл, ослын улмаас мөн хугацаанд 355 гэр, байшин, орон сууц шатсан нь өмнөх оны мөн үеийнхээс 473 (57.3 хувь)-аар багаслаа. Харин аюулт үзэгдэл, ослоос 1816 хүнийг аварч, 37 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ. Түүнчлэн, 10 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1.6 сая төгрөг зарцуулжээ.  

Related news