“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах бүтээлийг шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдаанд ирүүлсэн бүтээлийг энэ сарын 23-ныг дуустал Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд https://home.uda.ub.gov.mn/?p=9884 байршуулж, иргэд, олон нийтээс санал авч байна.
Санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, удирдамжид заасан шалгуур, үзүүлэлтийн дагуу дүгнэж, үнэлгээ гаргаснаар ялагчдыг тодруулна.
Нийт 20 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийх юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин, нөхцөл бий болгохоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал, загвар зураг боловсруулах уралдаан зарласан.
Дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 20 хүртэл үргэлжилсэн уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлч, оюутан, залуусын хамтарсан найман баг бүтээлээ ирүүлжээ.