АНУ-ын Нэгдсэн штабын дарга Монгол цэргүүдэд мэндчилгээ илгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-19 12:18:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан дэлхийн орнуудын Зэвсэгт хүчний удирдлагууд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ ирүүлсээр байна.


Саяхан Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга, генерал Кожи Ямазаки мэндчилгээ ирүүлсэн бол мягмар гарагт АНУ-ын Нэгдсэн штабын дарга, генерал Марк Милли баярын захидал ирүүлжээ.


Уг мэндчилгээнд: “Эрхэм хошууч генерал Д.Ганзориг танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд болон танд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь дипломат найрсаг харилцаатай орон билээ. Монгол Улс нь АНУ-ыг өөрийн “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон бөгөөд стратегийн түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлж, бүс нутагт энхтайван, аюулгүй байдлын сахин хамгаалахад Монгол Улсын Зэвсэгт хүчин үнэтэй хувь нэмэр оруулж байна. Бид Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын баатарлаг үйлс, үүрэг гүйцэтгэх чадвараар нь үргэлж бахархаж явдаг билээ. Энэ ташрамд, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад болон Африк тивд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нийт цэргийн алба хаагчдад талархаж байгаагаа илэрхийлье. Бидний цаашдын харилцаа, хамтын ажиллагаа үргэлжилж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа сахиулна гэдэгт илгэлтэй байна. Та бүхэнд хамгийн сайн, сайхныг хүсье. Хүндэтгэсэн АНУ-ын Нэгдсэн штабын дарга, генерал Марк Милли” гэжээ.

Related news