Сургууль, эмнэлгүүдэд төсөв хуваариллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 18:14:04

Баян-Өлгий аймгийн ИТХ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар төсвийн тодотгол, концессийн гэрээ хийх, зарим тогтоолоо хянан засварлах асуудлыг авч хэлэлцэв.

-2016 он арвилан хэмнэлтэд чиглэсэн болохоор өмнө нь 340 сая төгрөгийн төсөв дутуу төлөвлөгдсөн. Иймд төсөвт байгууллагуудын хэмнэлт хийж болох зардлыг хорин хувь бууруулах, өнгөрсөн оны татварын давж биелэгдсэн хэсэг, хэмнэгдсэн төсөв зэрэг боломжийг ашиглан төсвийн зохицуулалт хийлээ. Ингэснээр Булган, Бугат сумдыг түргэн тусламжийн тэрэгтэй болгох, Ногооннуур сумын Улаан хад багийн цэцэрлэгийн байр, Дэлүүн сумын бүрэн дунд сургууль, Сагсай сумын Даянгийн бага сургуулийн байр, Хөх хөтлийн дунд сургуулийн биеийн тамирын заал, Өлгий сумын хоёрдугаар цэцэрлэгийн бие засах газар, нэгдсэн эмнэлгийн дулааны шугам зэргийг барьж байгуулах, засварлах зэрэгт төсөв хуваарилахаар боллоо.

Төсөв хүрэлцэхгүй байгаа тул Алтанцөгц сумын услалтын систем зэрэг хөдөөний зарим чухал ажлуудыг концессийн гэрээгээр хийлгэхээр боллоо. Өмнө гарсан зарим газар нутгийг аймгийн хамгаалалтанд авах тухай тогтоолд заагдсан Сагсай, Улаанхус, Цэнгэл сум дахь улсын хил орчмын нутгийг хэрхэн ашиглах талаар нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ш.Айзаря

Related news