БАЯН-ӨЛГИЙ: Монголын хамгийн өндөр байгууламж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-09 17:38:40

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн өндөр байгууламж бол Баян-Өлгий аймгийн Өлгий хотод байрладаг радио өргөн нэвтрүүлгийн станцын урт долгионы цамхаг юм. Анх 1965 онд Чехословак улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар угсарчээ.


Тус цамхгийн үндсэн суурь нь 352.5 метр бөгөөд антентайгаа нийлээд 360 метр болдог ажээ. Энэ нь Франц Улсын алдарт Эйфелийн цамхгаас 60 метрээр өндөр үзүүлэлт юм.


Тус антенийн ажиллах давтамж нь 209 кГц, мэдээлэл хүргэх хүрээ нь 300 км хүртэл бөгөөд Монголын радиог баруун бүсийн иргэдэд 17 цагийн турш хүргэх, улсад ямар нэгэн гамшгийн нөхцөл байдал үүсвэл иргэдийг мэдээллээр хангаж, гамшгийн зарлан мэдээллийг түгээх маш чухал хэрэгсэл нь энэ антен цамхаг юм.

 

Их чадлын буюу 75кВт-ын нэвтрүүлэх станц нь 21000 вольт хүчдэл бүхий хүний аминд онц аюултай цахилгаан соронзон гүйдэл дамжуулдаг фидер шугамтай бөгөөд эзэмшлийн газарт газар доогуур байрлуулсан эквивалент антен, газардуулгууд нь маш нарийн тооцооллын үндсэн дээр 350 метрийн радиустай тойргийг хамарч байрладаг.

 

Энэхүү эквивалент антен, газардуулгын утаснууд болон 350 метрийн антен мачтаар дамжиж өндөр үелзлийн гүйдэл битүүрэн гүйж байдаг тул антений хашаагаар явган болон машинаар зорчих, газар ухах, фидер шугам доогуур гарах, ялангуяа дуу цахилгаантай бороо, шороон шуургатай үед явах нь хүний аминд аюултай юм.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т радио телевизийн нэвтрүүлэх станцын хүчин чадлаас хамааруулан тогтоосон эрүүл ахуйн хамгаалалтын бүстэй байхаар, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлагын MNS 5105:2001 стандартад радио реле, телевизийн нэвтрүүлэх, дамжуулах байгууламжийн гадна хашаанаас эрүүл ахуйн хамгаалалтын бүс нь 500 метрт байхаар тус тус заасан байдаг.

 

Мөн Монгол Улсад ижил үүрэг гүйцэтгэдэг антен цамхаг нь Улаанбаатар хот (Хонхорын станц), Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай аймагт байдаг бөгөөд эдгээр антенууд нь улсын онцгой объект юм.

 

Монгол Улсын Засгийн газраас улс орны нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий үйлдвэр, албан газар, байгууллага, барилга байгууламжийг улсын онц чухал объект хэмээн тодорхойлсон байдаг.

 

Related news