Х.Баделханы санаачилгаар Баян-Өлгий аймаг хөгжин дэвжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төр, нийгэм, улс төрийн зүтгэлтэн Хавдисламын Баделханы санал санаачилга, 40 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимийг монголчууд хүртсээр байна.
Түүний улс эх орон, аймаг орон нутаг, олон улсын харилцаа-хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр багагүй.
Энгийн ажилтнаас төрийн сайд хүртлээ дэвшиж, УИХ-ын анхдугаар чуулган удирдаж, МУГЭЗ цол, Д.Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалгасан түүний удам угсаа, үйл хэрэг олонд түмэнд үнэлэгдсээр байна.
Энэ удаа түүний Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булангийн тойромд хийсэн бүтээн байгуулалтыг онцолж байна.
Үүсэн байгуулагдаад 60 гаруй жил болж байгаа тус багийг төр, нийгэм, соёл, урлаг, шашны зүтгэлтэн, нэрт найрагч, алдарт уяач, уран дархан Сатибасын Рахмет үүсгэн байгуулалцаж байсан бол, энгийн барилгачин Шошайн Емей, инженер техникч Нурданы Жүсрэн, барилгачин харуул Хатайн Яудан, цэцэрлэгийн багш Тилеуханы Рашила, МУГЭ Насбекийн Кабиль, МУАУЗ, МУСГЗ Рахметийн Шынай нарын алдар цуутнууд төрөн гарсан.
Сүүлийн жилүүдэд тус багийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн хүсэлт, Х.Баделханы удирдлага санаачилгын дагуу гэрэлтүүлэг, явган хүний болон авто машины гүүр, цэвэр усны шугамын ажил хийсэн.
Харин бүтээн байгуулалтын ажил нь эхлээд нэлээд хэдэн жил болж байгаа үерийн шуудуу, интернэт холбооны шилэн кабелийн ажлууд тодорхойгүй шалтгаануудаар он дамнан удааширч, тэр хэрээрээ улсын төсөв, иргэдийн төлсөн татвар үрэгдэж, олон нийт хохирсоор байгаа.
Энэ удаад Өлгий сумын дөрөвдүгээр багт 2 жилийн хугацаанд тавьсан 1 км гаруй авто болон явган хүний замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн цаг хугацаа, төсөвт өртөгт нь багтаан “Жол” ХХК-ийн хамт олон бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Мөн дээрх багийн иргэд болон энэхүү замаар зорчдог олон түмэн замын чанар, тэмдэг-тэмдэглэгээ зэрэг бүхий л талаар сайхан боллоо хэмээн талархалтай хандаж байна.













Comments